Print PDF

Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилт


Тус хүрээлэн нь 2002-2005 онд "Монголын археологи" төсөл, 2003-2006 онд “Нүүдэлчдийн хот суурин” төсөл, 2005-2007, 2008-2010 онуудад “Монголын археологи” сэдэвт ажлуудын хүрээнд санхүүжигдэн судалгаа шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж ирэв. 2011 оноос 3 жилийн хугацаатай “Төв Азийн эртний нүүдэлчид ба монголчуудын угсаа гарвалын археологийн судалгаа” суурь судалгааны ажлыг хэрэгжүүлж байна.

Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил нь өөрийн мэргэжлийн өвөрмөц онцлогтой бөгөөд судалгааны ажлын үндэс нь археологийн аливаа дурсгалт газар, тухайн дурсгалт газрын хөрснөөс илээр болон малтлалт судалгааны явцад илэрч гаргасан биет эд өлгийн зүйлс байдаг. Иймд хээрийн шинжилгээ судалгааны ажлын үлэмж хувийг эзлэдэг. Хүрээлэн байгуулагдахаас өмнө манай археологчид монгол орныг археологийн талаар судлах тодорхой чиглэлийн биеэ даасан хээрийн шинжилгээний ангиудыг дангаараа болон бусад найрсаг харилцаа, ах дүүгийн барилдлагаатай байсан орны эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулж, судалгааны олон мянган ховор хосгүй үнэтэй эх хэрлэгдэхүүнийг цуглуулсан байдаг. Эдгээр эх хэрэглэгдэхүүн нь манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын үндсэн бааз суурийн нэг болсоор байдаг.

Монгол орны чулуун зэвсгийн үе, хүрэл ба түрүү төмрийн үе, Хүннү гүрний үе, эртний улсуудын үе, дундад зууны үеийн археологийн бүхий л төрлийн дурсгалуудын судалгааг явуулсаар байна.

Хүрээлэн байгуулагдснаас хойш археологийн үе үеийн дурсгалыг эрж хайх, малтан судлах ажил улам эрчимжсэн бөгөөд энэ хугацаанд дангаараа болон хамтарсан 200 гаруй хээрийн шинжилгээний экспедицийг гарган ажиллуулсан байна. Дээрхи экспедицүүдийн хээрийн судалгааны ажлын үр дүнд монголын нэн эрт, эрт, дундад үеийн бичигдээгүй түүхийн арвин баялаг хэрэглэгдэхүүн цугларсны дээр дэлхийн шинжлэх ухаанд нээлт болсон томоохон олдворууд ч олдсон юм.

2004 оноос Пазырыкийн соёл буюу МЭӨ VI-II зуунд холбогдох мөнх цэвдэгтэй булшны судалгааг манай археологчид, Франц, ОХУ, ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтран явуулж эхэлсэн бөгөөд 2006 онд Монгол-Орос-Германы хамтарсан хээрийн шинжилгээний анги нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голын 10-р булшнаас арвин баялаг эд өлгийн зүйл дагалдуулсан хатмал хүний оршуулга илрүүлэн олсон тухайн үедээ дэлхийн шилдэг 10 археологийн нээлтийн нэгэнд тооцогдов.

Монголын анхны төрт улс хүннүгийн археологийн судалгааг манай археологчид олон жилийн турш хийж ихээхэн үр дүнд хүрээд байна. Өнөөгийн байдлаар Хүннүгийн үндсэн нутаг болох Монгол улс, ОХУ-ын Буриадын Бүгд найрамдах улсын Өвөр Байгал, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Шинжаан Уйгарын өөртөө засах орон, Ганьсу, Хөхнуур мужийн нутгаас нийт 7 мянга гаруй булш олдсоны 5000 орчим нь Монгол улсын нутагт байгааг олж тогтоогоод байна. Мөн 20 орчим хот суурины дурсгал илэрсэний дийлэнх нь манай улсын нутагт бий. Хүннүгийн язгууртны хаад, язгууртны 7 оршуулгын газрыг илрүүлэн Ноён уул, Дуурлиг нарс, Гол модны булшийг малтан судлах ажлыг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийж олон гайхамшигтай олдвор хэрэглэгдэхүүн олж илрүүлээд байна. Тухайлбал, 2006, 2009 онд Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн эртний Ромын домгийн баатрын дүр бүхий мөнгөн хөөмөл, эртний перс, египетын эсгий хивс зэрэг нь хүннү гүрний гадаад харилццаны асуудлыг тодруулах үнэтэй олдвор болов.

Монгол-Туркийн хамтарсан экспедицийн судлаачид 2001-2003 онд Билгэ хааны онгоныг малтан судлах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж чухал үр дүнд хүрсэн юм. Малтлага судалгааны ажлын чухал үр дүн бол эндээс урьд өмнө хаа ч олдож байгаагүй эдийн соёлын гайхамшигт зүйлс илрэн гарсан явдал билээ. Энэхүү олдворын дотор хамгийн олон тоотой нь найман дэлбээт цэцэг хэлбэрт мөнгөн товруу бөгөөд энэ нь 1800 гаруй тоотой байсан юм. Түүнчлэн мөнгөөр үйлдсэн хос буга, алт мөнгөн товруу болон тахилын жижиг сав суулга, хамгийн сонирхолтой нь үнэт чулуун шигтгээ бүхий алтан титэм бөгөөд үүнийг Билгэ хааны өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан зүйл бололтой гэж үздэг. Билгэ хааны тахилын онгоноос илрэн гарсан эдгээр үнэт олдвор нь эртний түрэг угсаатны эдийн болон утга соёл, дүрслэх урлаг хийгээд ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, бусад ард түмэнтэй соёл, түүхийн ямар хэлхээ холбоотой байсан зэрэг олон асуудлыг тодотгоход үр дүнгээ өгөөд зогсохгүй, эртний их хаадын тахил тайлгад хэрэглэж байсан эд зүйлс, гүйцэтгэж байсан зан үйлийг сэргээн тодруулахад үнэлж баршгүй ач тустай олдвор болсон юм.

1999 оноос Монгол-Германы эрдэмтдийн хамтарсан Хархорум хотыг судлах шинжилгээний анги нь уг хотын гол гол хэсгүүдэд дахин шинээр малтлагын ажлыг хийж эхэлсэн бөгөөд уг хотын хотгор гүдгэрийн нарийвчилсан зургийг үйлдэж, малтах газартаа геофизикийн судалгаа хийж, газрын дор чухам юу байгааг урьдчилан тандаж, олдворуудын насыг байгалийн шинжлэлийн дэвшилтэт аргуудаар тодорхойлох зэрэг боловсронгуй арга зүйг хэрэглэн дурсгалыг бүх талбайгаар нь малтан судалсан юм. Тус шинжилгээний анги нь Өгэдэй хааны үүсгэн байгуулсан их харш хэмээн үзсээр ирсэн том цогцолбор болон хотын хоёр их гудамжны уулзвар дахь гар урчуудын хороолол хэмээх хоёр үндсэн газарт малтлага судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Судалгааны ажлын нэг том үр дүн бол олон жилийн турш Өгэдэй хааны байгуулсан их орд хэмээн нийтээр үзэж байсан том барилгын гол танхимыг бүх талбайгаар нь малтан ил гаргаж, үүний бүтэц, зохион байгуулалт, байгуулагдсан он цагийн багцааг нарийвчлан тодорхойлох, улмаар шинжлэх ухааны хамгийн бодит үндэстэй дүгнэлт хийх боломж бүрдүүлсэнд оршино.

2002 оноос хойш тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд 80 гаруй нэгэн сэдэвт зохиол болон, товхимол хамтын бүтээл бичиж, хэвлүүлэн олны хүртээл болгосны зэрэгцээ эрдэм шинжилгээний 300 гаруй өгүүлэл, илтгэл бичиж дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэн нийтэлж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьж хэлэлцүүлжээ.

Тус хүрээлэнгийн эрдэмтдийн туурвисан бүтээлүүдийн олонхи нь чулуун зэвсгийн үеэс авахуулаад дундад зууны үеийг хүртэлх Монгол орны эртний түүхийн олдвор хэрэглэгдэхүүн болон бичигдээгүй түүхийн олон зангилаа асуудлыг нэгтгэн дүгнэж Монголын археологийн судалгааг дэлхийн хэмжээнд хүрснийг илтгэн харуулахуйц дорвитой шинэ санаа, нээлт, дүгнэлтийг тусгажээ.

2002 онд Д.Цэвээндорж, Д.Баяр, Я.Цэрэндагва, Ц.Очирхуяг нарын зохиосон “Монголын археологи” ном хэвлэгдсэн нь Монголд 100 гаруй жилийн турш явагдсан археологийн судалгааг нэгтгэн дүгнэсэн томоохон дорвитой бүтээл болж чаджээ.

Монгол нутгаас анх удаа Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Салхитаас олдсон эртний хүний гавлын ясны хэсгийг судлан Д.Цэвээндорж, Н.Батболд, Ц.Амгалантөгс нар “Монголын нэн эртний хүн буюу монгол антропус” гэсэн жижиг товхимол болгон хэвлэн гаргасан нь Монгол орны палеолитын судалгаанд шинэ эргэлт болсон юм. Энэхүү хүний гавлын ясыг эртний түүх, антропологийн судалгаанд “Монголын эртний хүн буюу Mongolian anthropus” хэмээн нэрлэн оруулжээ.

Монголын чулуун зэвсгийн судалгааг дангаараа болон бусад орны судлаачидтай хамтран явуулсны дүнд Монгол нутагт эртний хүн хэдийд амьдарч эхэлсэн асуудлыг тодорхой баримт хэрэглэгдэхүүнээр урагшлуулан одоогоос 850 000 жилийн тэртээгээс манай оронд эртний хүн оршин амьдарч байсныг баталсан явдал нь Монголын шинжлэх ухаанд хийсэн томоохон нээлтийн нэгэнд зүй ёсоор тооцогдоно.